Шууд Chart

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-27 09:19:43

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж, “Хүртээмжтэй ногоон хот” төсөл болон байгаль орчны салбарт шинээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Талуудын 17-р бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Матилда Димовска Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг салбар яамнаас боловсруулж, УИХ-д өргөн барьсанд талархал илэрхийлж, тус хуулийн төслийн боловсруулалт болон хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
 
Түүнчлэн энэ оны зургадугаар сард болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайдын хувиар өндөр ач холбогдол өгч оролцохыг урив.
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн 30 гаруй хувь нь БОУАӨЯ-нд хэрэгжиж байгааг онцлоод энэ нь хоёр талын хамтын ажиллагаа стратегийн түвшинд хөгжиж буйн илэрхийлэл болохыг тодотгов.
 
Мөн Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Талуудын 17-р Бага хурлын зохион байгуулалтад оролцох сайн дурын ажилтнуудын бэлтгэх, оролцоог хангах, санхүүжилт татан төвлөрүүлэх, Монгол Улсад хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөр болон одоо хэрэгжиж буй төслийн үр дүнг олон улсад сурталчлан таниулах зэргээр дэмжин ажиллаж байгааг дурдаад, энэ хүрээнд төр-хувийн хэшлийн түншлэлийг бэхжүүлэх, газрын доройтолтой тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр хүргүүлсэн санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг хүслээ.
 
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Талуудын 17-р Бага хурлын бэлтгэл ажилд эхнээс нь эхлэн тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, цаашид мэргэшсэн хүний нөөц, техникийн дэмжлэгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.
 
Мөн Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтолтой тэмцэх, орон нутгийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр олон жилийн турш найдвартай, стратегийн түнш байсаар ирснийг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
 
Тэрбээр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ган, усны хомсдол, хүнсний аюулгүй байдал зэрэг харилцан хамааралтай сорилтуудтай нүүр тулж буй энэ цаг үед Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран бодит, үр дүнтэй, олон улсад түгээн дэлгэрүүлэх боломжтой шийдлүүдийг хэрэгжүүлэх чухал боломж бүрдэж байгааг тодотгов.
 
Уулзалтын төгсгөлд талууд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Талуудын 17-р Бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, “Хүртээмжтэй ногоон хот” төслийг нийслэл хотын алслагдсан дүүргүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, мөн Даян дэлхийн байгаль орчны сангийн 9 дүгээр санхүүжилтийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  
Нийтэлсэн: COP17

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй