Шууд Chart

Агаарын чанарын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, улсын байцаагч нарын чадавхыг бэхжүүлж байна

2026-05-27 09:43:29

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар тодорхой үр дүнтэй ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үр дүнд үндэслэн агаарын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого, зохицуулалтын шийдвэрүүдийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна.

Хяналт шалгалтын үр дүн нь агаарын бохирдлын нөхцөл байдал, тулгамдсан асуудал, эрсдэлийг бодитоор тодорхойлохын зэрэгцээ хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм. Мөн хяналт шалгалтын үр дүнд бий болсон мэдээлэл, дүгнэлт нь салбарын бодлогын шийдвэр гаргалтыг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чухал үндэслэл болдог.

Иймд байгаль орчны салбарын хяналтын байгууллагын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, агаарын чанарын хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн арга зүйгээр хэрэгжүүлэх, улсын байцаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын байгаль орчны хяналтын улсын (ахлах) байцаагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд 2024–2026 онд хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа болон эрх бүхий албан тушаалтны үйлдсэн баримт бичиг нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

Энэ хүрээнд
• Улсын (ахлах) байцаагчдын үйлдсэн хяналт шалгалтын баримт бичиг нь журмын шаардлагыг хангаж буй эсэх;
• Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүртгэл, шийдвэрлэлтийн нөхцөл байдал;
• “Шилэн хяналт” цахим системд хяналт шалгалтын мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулсан байдал зэрэг асуудлыг шалгаж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Түүнчлэн 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, олон нийтэд чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх болон шат дараатай зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч ажиллалаа.

Энэхүү арга хэмжээ нь улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх хяналт шалгалтын чанар, үр нөлөөг сайжруулж, агаарын чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Агаарын чанарын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, улсын байцаагч нарын чадавхыг бэхжүүлж байна  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй