Шууд Chart

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид "Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026"-д оролцлоо

2026-05-28 09:17:40

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 05 дугаар сарын 17–20-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажлын айлчлал хийж, Лондон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026” арга хэмжээнд оролцон Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг олон улсын түвшинд танилцууллаа.

24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад 100 гаруй орны боловсролын сайд, 135 орны 1100 гаруй төлөөлөгчид оролцож 4 өдрийн турш 55 салбар хуралдаан болон хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

Тус чуулган болон ажлын айлчлалын хүрээнд Боловсролын сайд тэргүүтэй төлөөлөгчид Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн Төрийн сайд Сийма Малхотра, Боловсролын сайд Брижит Филлипсон, ЮНЕСКО-гийн Боловсролын асуудал хариуцсан Орлогч захирал захирал Цун Чен, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийн тэргүүн /UNICEF/, мөн Таймс Хайэр Эдүкейшн /Times Higher Education/, Кембриджийн их сургууль болон Кембридж дэх Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төв /MIASU/, Pearson, АQА, Efecta, МOZAIK, GOOGLE, IFFed, NCUK, Бритиш консул зэрэг олон улсын байгууллагын төлөөлөлтэй албан уулзалтуудыг хийж, боловсролын салбарын бодлогын шинэчлэл, дээд боловсролын чанарын үнэлгээ, англи хэлний боловсролын хөгжлийн чиглэлээр санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Боловсролын яам нь Таймс Хайэр Эдүкейшн /Times Higher Education/, Пийрсон /Pearson/ болон Кембриджийн их сургуультай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд эдгээр хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, дээд боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, цахим мэдээллийн санд суурилсан ил тод, хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх боломж бүрдэж байгааг онцолсон.

Таймс Хайэр Эдүкейшн байгууллага нь дэлхийн 84 орны 8,000 гаруй их, дээд сургуулийн мэдээллийг хамарсан, 10 сая гаруй дата ашигладаг, жилд 65 сая гаруй хэрэглэгчтэй боловсролын үнэлгээний тэргүүлэх платформ бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Пийрсон байгууллагатай англи хэлний боловсролын хөтөлбөр, багшийн сургалтын хамтын ажиллагааг гурван жилийн хугацаагаар сунгах тохиролцоонд хүрч, англи хэлний сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, сургалтын үнэлгээний стандартын хөгжүүлэлтийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. 

Түүнчлэн, Монгол Улсад англи хэлийг бүх шатны боловсролын тэргүүлэх гадаад хэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Их Британийн Засгийн газрын 10 сая фунт стерлингийн буцалтгүй тусламжийн хэрэгжилт, орон нутгийн 739 англи хэлний багшийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүн, Британийн Зөвлөлтэй хамтран боловсруулсан багшийн чадамжийн хүрээ болон Дэлхийн банк, Бритиш консулын дэмжлэгтэйгээр боловсруулсан англи хэлний боловсролын чанарыг сайжруулах замын зураглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Кембрижийн их сургууль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран эрдэмтэн, профессор, судлаачдыг Монголын их, дээд сургуулиудад урьж ажиллуулах, багш, оюутан, судлаачдын академик солилцоог өргөжүүлэх, дээд боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд Чевенингийн тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Их Британид суралцаж буй монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэтгэлгийн тогтвортой санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох асуудлыг мөн хөндөн хэлэлцлээ.

Олон улсын санхүүжилтийн чиглэлээр Боловсролын олон улсын санхүүжилтийн сангийн /IFFeD/ Гүйцэтгэх захирал Кришнан Картиктай уулзаж, Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бөгөөд тус сан нь дундаас доош орлоготой улс орнуудын боловсролын салбарт нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх, хандивлагчдын баталгаа болон буцалтгүй тусламжийг хослуулан ашиглах замаар хөрөнгө оруулалтыг дэмждэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих боловсролын төслийн хүрээнд буцалтгүй тусламжийн механизмаар нэмэлт санхүүжилт татах боломжийн талаар санал солилцсон болно.

Сайд Л.Энх-Амгалан Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төвд зочлон Монгол Улсын Засгийн газар, Кэмжрижийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Чингис хаан: Монголын эзэнт гүрний судалгааны хамтарсан хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, тус хөтөлбөрийн хоёрдугаар шатны сэдэв сонголт, судлаач шалгаруулалт болон санхүүжилтийг шийдвэрлэх асуудлыг эцэслэн тохиролцов.

Үүнээс гадна Британи, Канад, Шинэ Зеланд, Австрали зэрэг 70 гаруй их сургуулийг нэгтгэсэн “NCUK” байгууллагатай хамтран ажиллахаар болж ингэснээр Монголын их сургуулиуд дээрх сургуулиудтай хамтран 1+3, 2+2, 3+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсад дээд боловсролын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх, Монгол оюутан залууг хэмнэлттэй зардлаар олон улсын боловсрол эзэмших боломж бүрдэх юм.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээд боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцоог нэвтрүүлэх, англи хэлний боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх болон тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан айлчлал боллоо.

 


Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид "Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026"-д оролцлоо  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй