Шууд Chart

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28 16:08:09

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Европын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Европын парламентын гишүүн, төлөөлөгчдийн бүлгийн дарга Жүси Принчи хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Европын орнуудын зүгээс эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тодотгов.

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг батлахаар төлөвлөж буй болон салбарын реформ, баримталж байгаа бодлогын талаар сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид нэг бодлого, гурван зарчмын хүрээнд есөн ажил хийхээр зорьж байгаа. Тухайлбал, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэртэй болох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, салбарын болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад анхаарч байна.

Монголын онцлогт таарах шинэ технологи Европын орнуудад бий гэдэгт итгэж байна. Тэдгээрийг турших боломжийг эрэлхийлж байна. Бид эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчин нэвтрүүлэхийг зорьж байгаа” хэмээн өгүүлэв. Түүнчлэн Европын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байгаагаа тодотголоо.

Европын парламентын гишүүдийн зүгээс эрчим хүчний шилжилтийг хэрхэн үр ашигтай хийхээр төлөвлөж байгаа, үүнтэй холбоотойгоор боловсон хүчнээ хэрхэн чадавхжуулж байгаа зэргийн талаар тодруулж, хариулт авсан юм.

Б.Найдалаа сайдын хувьд салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах зорилгоор богино, урт хугацаанд сургах, дадлагажуулахад Европын орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов. Монгол Улсад эрчим хүчний үнэ өртгөөсөө доогуур байгаа нь сорилт болж буй бөгөөд хэрэглээгээ хэмнэх сэдлийг олон нийтэд төрүүлэх өөрчлөлт хийж ажиллахаа дурдаад, нар, салхины арвин нөөцөө ашиглан сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэв.

Ташрамд дурдахад, Европын Холбоо нь Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд ногоон шилжилт, эрчим хүчний үр ашиг, тогтвортой хөгжлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж буй. Энэхүү хамтын ажиллагаа нь ихэвчлэн техникийн туслалцаа, бодлогын дэмжлэг, судалгаа, чадавх бэхжүүлэх хэлбэрээр хэрэгжиж байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ. 


Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй