Шууд Chart

“Оюухай-2026” наадмын шилдгүүд тодров

2026-06-06 12:06:00

Монголын уран зохиол бол монгол ахуй, сэтгэлгээ, уран сэтгэмж, дүр дүрслэлийн илэрхийлэл төдийгүй үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бахархалт оюуны өв юм.

Энэхүү өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн уран бүтээлчдийг дэмжих төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монголын соёл, урлагийн салбарын алдартнуудын тэгш ойг тэмдэглэхдээ тэдний уран бүтээл, туурвил зүйг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаардаг.

2026 онд үндэсний утга зохиолын нэрт төлөөлөгч Дашдоржийн Нацагдорж, Ринчиний Чойном зэрэг алдартнуудын өвийг хамгаалах, сурталчлах олон талт ажлууд өрнөж байгаагийн нэг нь Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2026” яруу найргийн наадам юм.

Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын ивээл дор зохион байгуулагдсан тус наадамд нийт 68 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 найрагч шалгарч, шүлгээ толилууллаа. Энэхүү наадам нь яруу найрагчдын бүтээлч оролцоог нэмэгдүүлж, үндэсний утга зохиолын залгамж чанарыг хадгалах, шинэ үеийн авьяастнуудыг нээн илрүүлэх, эх хэл, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.

Наадмын тэргүүн байрыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг эзэлж, “Оюухай” алтан цомын эзэн боллоо. 

Дэд байрт залуу яруу найрагч Баярсайханы Энэрэл, гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнгийн Торой, дөрөвдүгээр байрт залуу яруу найрагч Пүрэвжалын Намуун, тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга шалгарлаа гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 


“Оюухай-2026” наадмын шилдгүүд тодров   
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй