Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах салбарын тэргүүлэх эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “ICOT V-2026” олон улсын чуулган “Нэг үндэстэн-Нэг алсын хараа” уриан дор амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулган нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хөгжил, дэвшилтэт технологи, эмчилгээний үр дүн, судалгааны шинэ ололтыг хэлэлцдэг олон улсын нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага солилцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн чуулганд Монгол Улс, БНСУ, Энэтхэг, Турк, БНХАУ зэрэг улсын 20 гаруй зочин профессор, эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд, мэс заслын эмч нар болон гастроэнтерологи, нефрологи, гепатологийн чиглэлийн 30 гаруй тэргүүлэх мэргэжилтэн оролцож, салбарын сүүлийн үеийн ололт амжилт, шинэ технологи, эмчилгээний туршлагаа хуваалцлаа.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах баг тус чуулганд амжилттай оролцож, Монгол Улсад хүүхдийн эрхтэн болон үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эмчилгээний үр дүн, судалгааны ажлаа олон улсын эрдэмтэн, судлаачдад танилцууллаа.
Тус багийн эмч нар хүүхдийн эрхтэн болон үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр хийж буй судалгааны ажлаа танилцуулсан эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
* Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч Б.Мандуул “Early Complications After Pediatric Liver Transplantation in NCMCH”;
* Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч Э.Эрдэнэбат “The Impact of Graft-to-Recipient Body Weight Ratio on Early Outcomes After Pediatric Liver Transplantation”;
* Хүүхдийн бөөр шилжүүлэн суулгах багийн эмч Г.Золзаяа “Early Treatment Evaluation in Pediatric Kidney Transplant Recipients Based on Tacrolimus Dose Variability”;
* Хүүхдийн ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах багийн эмч М.Номин “First Pediatric Stem Cell Transplantation Outcomes in Mongolia” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсад хүүхдийн эрхтэн болон үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний чиглэлээр гарч буй ахиц дэвшил, эмчилгээний үр дүнг олон улсын эрдэмтэн, судлаачдад танилцууллаа.
Эдгээр илтгэл нь хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чанар, аюулгүй байдал, эмчилгээний дараах хяналт, үр дүнг сайжруулахад чиглэсэн судалгааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсад нутагшиж буй өндөр өртөгтэй, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хөгжлийн түвшинг илэрхийлж байгаагаараа онцлог байв.
Мөн чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар оролцож, “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн эхийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гардуулан өгч, тус төвийн хамт олонд цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Эрхтэн болон үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь амь насыг аврах, амьдралын чанарыг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой тусламж үйлчилгээний нэг юм. Иймээс олон улсын түвшний эрдэм шинжилгээний чуулганд оролцож, өөрсдийн туршлага, судалгааны үр дүнгээ танилцуулсан нь ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бататгахаас гадна Монгол Улсын хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг олон улсын түвшинд таниулсан чухал үйл явдал боллоо гэж Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

| ЭХЭМҮТ-ийн эмч нар хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнгээ олон улсад танилцуулав | ||
| Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.