Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва АХБ-ны Монгол Улсыг хариуцсан тээврийн багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Төв, Баруун, Зүүн Ази болон Номхон далайн орнуудыг хариуцсан Тээврийн захирал Чен Чен, Төслийн удирдлагын нэгжийн дарга Масахиро Нишимура, Монгол Улсыг хариуцсан Тээврийн ахлах мэргэжилтэн Майкл Аняла нар оролцсон юм.
Уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй тээврийн салбарын төслүүдийн багц болон цаашдын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. АХБ-тай хамтран Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр “Тусгай замын автобус” /BRT/ төслийг эхлүүлээд буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “АХБ нь дэлхий даяар хотуудын тогтвортой хөгжил, хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага бөгөөд бидний хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаад баяртай байна. Улаанбаатар хот эрчимтэй тэлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, дэд бүтэц болон нийтийн тээврийн хүртээмж зэрэг олон сорилттой нүүр тулж байна. Эдгээр асуудлыг зөвхөн улсын төсөвт тулгуурлан шийдэх боломж хязгаарлагдмал бөгөөд олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо, шинэлэг санхүүгийн хэрэгслүүд зайлшгүй шаардлагатай болж байна” гэлээ.

| Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан тээврийн багтай уулзлаа | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.