Шууд Chart

Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцов

2026-06-10 15:12:48

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, Шүүхийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, Үндсэн хуулиар бий болсон шүүхийн сахилга, хариуцлагын шинэ тогтолцооны үр нөлөө, цаашид хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд бие даан ажиллахын зэрэгцээ эрх зүйн орчныг хөгжүүлэхэд эргэх холбоотой, уялдаатай ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр төр, эрх зүйт ёсонд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Шүүхийн сахилгын хороо нь энэхүү итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг дурдав.

Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлт болон 2021 оны Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо шүүгчийн сахилгын хэрэг шийдвэрлэх ажиллагаа, процессын хэм хэмжээний тулгамдсан асуудлын талаар танилцуулж, процессын хэм хэмжээг хуульчлах асуудлаар саналаа уламжлав.

УИХ-ын дарга С.Бямбацогт батлагдаад 5 жил болсон байгаа Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу судалж, үнэлэх шаардлагатайг онцолж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид журмаар бус тухайлсан хуулиар зохицуулах асуудлаар судалгаа хийж, саналаа боловсруулж парламенттай хамтран ажиллахыг Шүүхийн сахилгын хороонд илэрхийлж, уг саналын дагуу холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгав. 

Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг хангах, нэмэгдүүлэхэд дор бүрнээ хичээж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцов  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй