Шууд Chart

БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө

2026-06-11 13:10:10

Парламентад хүний эрхийг ойлгож, дэмждэг гишүүд олон байх тусмаа илүү үр дүнтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр онцолсон юм.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. 

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд манай улс хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж, энэ талаар туршлага бүхий Солонгос улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч хамтран ажиллах болсон. Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр шимээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, квот нэмэх, улмаар 9 дэх удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олноор сонгогдох боломж бүрдсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулав.

Харин Үндэсний Ассамблейн гишүүдийн зүгээс хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд харилцааг идэвхжүүлэх, харилцан айлчлах, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оюутан залуусын асуудлыг хөндлөө.

Олон жилийн турш эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй монголчуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжоор хангаж өгөх саналыг Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр тавьсан.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чон Ха Рам, БНСУ-ын Азийн хүний эрхийн парламентчдын холбооны дэд дарга Хан Арым, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Элчин зөвлөх Канг Хёнчол болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй