Шууд Chart

Монголын залуусыг CERN-ийн судалгаанд оролцуулах боломжийг хэлэлцлээ

2026-06-12 11:21:46

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын цөмийн судалгааны байгууллага буюу CERN-ийн LHCb хамтын ажиллагааны удирдлагын багийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад профессор Винченцо Ваньони, профессор Тим Гершон, профессор Ван Жианчунь нар оролцож, Монгол Улсын эрдэмтэн, судлаачид, оюутан залуусыг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны судалгаа, өндөр энергийн физик, өгөгдлийн шинжилгээ, дэвшилтэт технологийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оролцуулах боломжийн талаар санал солилцов.

Профессорууд Боловсролын сайдыг CERN-д айлчилж, тус байгууллагын судалгаа, лаборатори, үйл ажиллагаатай танилцахыг урьсан байна.

Мөн талууд Монголын Физик, технологийн хүрээлэн болон CERN-ийн LHCb хамтын ажиллагааны хүрээнд судлаачдын чадавхыг бэхжүүлэх, залуу эрдэмтэд, оюутнуудад олон улсын судалгаанд оролцох боломж бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи буюу ШИМТ-ийн боловсролыг дэмжих, хүүхэд залуусыг шинжлэх ухаан, судалгаа, инновацад илүү идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй болгох нь Монгол Улсын боловсролын салбарын чухал зорилт гэдгийг онцолсон байна.

Тэрбээр CERN зэрэг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах нь Монголын залуу үеийг шинжлэх ухааны ирээдүйтэй холбох чухал гүүр болно гэдгийг тэмдэглэв.


Монголын залуусыг CERN-ийн судалгаанд оролцуулах боломжийг хэлэлцлээ  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй