Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө /2026-2029/”-г баталгаажуулсан байна.
Талууд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг дурдаж, уг баримт бичгийг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжихийн хэрээр стандартын байгууллагуудын харилцаа, үйл ажиллагаа өргөжинө гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж байгааг дурдаад, тус хууль батлагдсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, стандартчилал, итгэмжлэлийн салбар шинэ түвшинд хөгжих боломж бүрдэнэ гэв.
Тэрбээр Монгол Улс стандартын салбарт шинэчлэл хийхээр холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн найруулж байгааг танилцууллаа. Шинэ зохицуулалтаар стандартыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилдэг, зах зээлийн хэрэгцээтэй уялдсан, олон улсын жишигт нийцсэн байх чиглэлд анхаарч буйг тэмдэглэв.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан экспортлохоор хүлээж байгаа тул хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг болон баталгаажуулж буй төлөвлөгөөг нэн даруй ажил хэрэг болгох шаардлагатайг онцоллоо.
БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын ерөнхий газрын дарга Луо Вэн хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулж буй нь хоёр орны төрийн тэргүүн нарын яриа хэлцлийг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв.
Тэрбээр цаашид стандартчиллын салбарт тогтвортой, байнгын механизм ажиллуулах, стандартын талаарх мэдээллийг харилцан судалж, цаг тухайд нь солилцох, мэргэжилтнүүдийг сургах шаардлагатайг тодотголоо.
Мөн хоёр улс чанарын баталгаажуулалтаа хангах, худалдааны тарифын бус саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
| Монгол, Хятадын хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа | ||
| Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.