“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний “Таван толгой” сургалтын нэгдсэн төвд боллоо.
Энэ жилийн сургуулийн үйл ажиллагаанд дэлхийн 18 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд команд штабын, хээрийн сургуулийн болон мэргэжлийн сургалтын гэсэн үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж байна. Мөн орчин үеийн аюулгүй байдлын орчинтой уялдуулан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээтэй холбоотой сургалт, дадлагыг тусгасан байна.
Нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож, дэлхийн аюулгүй байдлын орчин хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, мэргэжлийн зэвсэгт хүчинд суурилсан хамтын ажиллагааны ач холбогдол улам өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцогч орны хувьд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт цаашид ч бодит хувь нэмэр оруулсаар байх болно гэдгийг илэрхийллээ.
Түүнчлэн“Хааны эрэлд” сургуулийг үүсгэн байгуулж, 20 жилийн турш тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, хамтрагч улс орнууд, олон улсын байгууллагууд болон үе үеийн зохион байгуулагчдад Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хааны эрэлд” сургууль нь харилцан итгэлцлийг бэхжүүлж, туршлага солилцох, цэргийн нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сургууль болохыг онцлоод, энэ удаагийн сургалт үр дүнтэй болж өндөрлөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Хааны эрэлд” олон улсын сургууль нь 2006 оноос эхлэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын орлогч дарга дэслэгч генерал Жорж Роуэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нар нээлтийн үг хэллээ. Тэд Монгол улсын Энхийг сахиулагчдын олон улсад гүйцэтгэж буй оролцоог өндрөөр үнэлж явдгаа онцлон тэмдэглэсэн юм.
“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт нь энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй сургуулиудын нэг болоод байна.



| Дэлхийн 18 орны цэргийн алба хаагчид “хааны эрэлд” олон улсын сургуулилт дор нэгдлээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.