Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Тайж хайрханы бэлд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 08 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг 06 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Соёл, урлагийн газраас фестивалийн зохион байгуулалт, санхүүжилтийн асуудалд дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээлч оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Мөн фестивалийг дагасан дэд бүтцийн сайжруулалт, авто зам, автомашины зогсоол, нийтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжиж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтойг онцоллоо.
Түүнчлэн “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийг цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж, Налайх дүүргийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгон төлөвшүүлэх боломжийг судлах талаар санал дэвшүүлэв.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр дүүргийн зүгээс фестивалийн байршил орчмын төлөвлөлтийг сайжруулах, шаардлагатай дэд бүтцийг үе шаттайгаар бүрдүүлэх, зам талбайн тохижилтыг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн энэ жилийн фестивалийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангах зорилгоор хоёр талын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов.
Уулзалтын үр дүнд талууд “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн бэлтгэл, зохион байгуулалтыг үр дүнтэй хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ.

| Налайх дүүргийн засаг даргын тамгын газар “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хамтран зохион байгуулна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.