Шууд Chart

“Улаанбаатар их дуулга-2026” тэмцээн хөшгөө нээлээ

2026-06-20 18:00:35

Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдээр Степпе Аренад явагдаж буй “Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн эхний тэмцээн болох “Улаанбаатар Их дуулга”-д 58 орны 454 тамирчин оролцож байна.

Улаанбаатар хотноо жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээнийг дахин дөрвөн удаа зохион байгуулах баяртай мэдээг энэ оны эхэнд бид та бүхэнтэйгээ хуваалцсан.

Энэ нь олон улсын жүдо бөхийн ертөнцөд манай улс ямар өндөр байр суурь эзэлдэг, бас ямар чухал оролцогч тал болохыг бэлхнээ илтгэн харуулсан явдал юм.

Монгол улс хүчирхэг жүдочдын эх орон төдийгүй дэлхийн томоохон тэмцээнийг стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдгээ өнгөрсөн хугацаанд удаа дараа нотлон харуулсан нь дээрх итгэлцлийг бэхжүүлсээр ирсэн.

Өнөөдөр болсон тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын жүдо бөхийн холбооны Санхүү эрхэлсэн дарга Насир Аль-Тамими, Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нарын хүндэт зочид оролцож, үг хэллээ.

Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд Нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээнийг амжилттайгаар хүлээн авч байв.

Харин 2022 оноос хойш бид жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилүүдэд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээнээс манай улсын баг, тамирчид 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл, нийт 11 медаль хүртсэн. Харин 2023 онд Монголын бөхчүүд 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль, 2022 онд 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 11 медальтайгаар оролцсон билээ гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.


“Улаанбаатар их дуулга-2026” тэмцээн хөшгөө нээлээ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй