Шууд Chart

Зэр зэвсэг минь баяртай... /1-р хэсэг/

2014-10-12 09:09:39

Нобелийн уран зохиолын шагналт Эрнест Хемингуэй нь 1899 оны зургаадугаар сарын 21-нд эмч Кларенс Эдмонт Хемингуэй, хөгжимчин Грейс Холл-Хэмингуэй нарын анхны хүү болон мэндэлжээ. Марк Твен, Стивен Крейн, Теодор Драйзер, Синклер Льюис нарын адил сайн зохиолч болох хүслээ өвөртлөн Хэмингуэй сэтгүүлч болсон гэдэг. «Cansas City Star» сонины сурвалжлагчаар бичгийн ажлын гараагаа эхлэж байсан бол 1918 онд Италид очин жолооч болж, Италийн фронтод элсэн Дэлхийн нэгдүгээр дайнд оролцоод амжжээ. Хэд хэдэн удаа шархдсан офицер Хэмингуэй 1919 оны нэгдүгээр сард эх орондоо эргэн ирж түр хугацаагаар амарч байгаад Чикагогийн «Toronto Star» хэмээх сонины газрын улс төрийн тоймч сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон байна.

1921 оны есдүгээр сарын 3-нд тус сониныхоо гадаад дахь сурвалжлагчаар Францад томилогдон ажиллах болов. Парист байх 20 сарын хугацаанд сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж 1925 онд эмхтгэл болгон хэвлүүлсэн ажээ. 1926 онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан бөгөөд түүнээс хойш «Нар мандсаар байна-Фиеста» тууж (1926), «Гоонь эрчүүд»(1927) өгүүллэг, «Зэр Зэвсэг минь баяртай» (1929, «Үдийн үхэл» (1932), «Килиманжаро уулын цас» (1933), «Ялагч үгүй» (1933), «Францис Макомберийн богино боловч аз жаргал амьдрал» (1935) өгүүллэг, «Хэнийг дуудаж хонх цохив» (1937) тууж, «Өвгөн тэнгис хоёр» (1952) тууж, «Найр хойшлогдсон нь» (1964) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.

Эрнест Хемингуэй нь богино өгүүллэгийг хурц оновчтой үг хэллэг, товч бөгөөд тодорхой найруулга зүйн аргаараа шинэчлэн хөгжүүлсэн нэгэн билээ. Түүний зохиол бүтээлийнх нь дүрүүд нь ихэвчлэн тэмцэгч хүмүүс өөрөөр хэлбэл анчин, дайчин хүмүүс байдаг. Хэмингуэй өөрөө ч гэсэн анчин, загасчин, боксчин мөн сархад сайн уудаг нэгэн байсан бөгөөд романуудынхаа дүрүүдтэй ихэд төстэй байсан байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр сэтгэл санааны гүн хямралд орж, ганцаардмал амьдралаар амьдарч яваад 61 настайдаа Идахо дахь гэртээ өөрийгөө буудаж амь насаа хөнөөсөн гэдэг.

Монголын Үндэсний Олон Нийтийн MNB.mn цахим хуудаснаа өнөөдрөөс эхлэн түүний алдарт бүтээл болох "Зэр зэвсэг минь баяртай" романыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн алтан сангаас аудио хэлбэрээр уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. 

Тус романд гарах үйл явдлыг товч өгүүлбэл, Залуухан америк цэргийн дэслэгч Фредерик Хенри Италийн фронт дээр дэлхийн нэгдүгээр дайны аймшгийг биеэрээ туулж, Лацаретед шархтай хэвтэж байхдаа англи сувилагч бүсгүй Катарине Барклейд дурлажээ. Фронт руугаа буцаж очоод тэрээр 1917оны намар Каппоретод дайсны цэргийн салаанд нэвтэрч орж ирхэд гэрч болж, урвагч цэргийн буудалтаас арай хийж зугатааж амьд гарчээ. Жирэмсэн нууц амрагтайгаа Швецари хүртэл явсан боловч тэнд очоод ч Катарине амьгүй хүү төрүүлж, төрөхдөө нас барсан учир Фредерикд амар тайван амьдрах завшаан олдсонгүй.

Зохиогч энэхүү романдаа өөрийнхөө Италид үзэж туулсан дайны талаар бичиж, ард түмний худлаа баяр бахдалыг нээж шүүмжилсэн байдаг.


Зэр зэвсэг минь баяртай... /1-р хэсэг/  
Үзсэн: 2828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-10-12 12:23
ravdan gaviyat mundag shuu
180.235.185.xxx [180.235.185.xxx] 2014-10-12 12:21
uran buteelchiddee amjilt huseye
180.235.185.xxx [180.235.185.xxx] 2014-10-12 12:19
saikhan saikhan

Бидэнтэй нэгдээрэй