АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.
Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь ойрын хугацаанд уг татварыг хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.
Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн татвар төлөх болно гэж дурдсан байна. Мөн энэхүү хариу арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрүүдээс үл хамааран хэрэгжинэ гэжээ.
Гэвч тэрээр энэхүү арга хэмжээг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхаж байна хэмээн эсэргүүцсээр иржээ.
Европын Комисс Трампын мэдэгдлийн дараа Европын Холбоо өөрийн татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд аливаа нэг талын худалдааны арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп Франц болон Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбоотойгоор хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Америкийн дарамтад авталгүй, Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж өмнө нь мэдэгдэж байжээ.
| Дижитал үйлчилгээний татварын маргаан хурцдав | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.