Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах энэ сарын 26-ны өдөр Тайваний “Tri-Service” эмнэлгийн захирал Tsai Yi-Ting тэргүүтэй эмч мэргэжилтнүүдийн багийг хүлээн авч уулзлаа.
ГССҮТ болон Тайваний “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 оноос эхлэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулж буй бөгөөд 2024 оны есдүгээр сараас барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ.
Энэхүү эмчилгээ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй 2 баг Монголд ирж ажиллан тус төхөөрөмжийн зааварчилгаа, эмчилгээний арга зүйн талаарх ажлын байрны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан юм.
Тиймээс энэ удаагийн уулзалтаар барокамер эмчилгээний явц, бодит үр дүнгийн талаар эмч мэргэжилтнүүд тодорхой жишээнд тулгуурлан дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, тусламж үйлчилгээний талаарх ололт амжилтаасаа хуваалцлаа.
ГССҮТ-өөс 2025 онд Тайваний “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг зочин профессороор урьж, эмчилгээний дэвшилтэт арга технологиос суралцан мэдлэг туршлага солилцож байгаа юм.
Уулзалтын хүрээнд Тайваний зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа болон өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний явцтай танилцсан байна
| Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг гссүт-д туршлага солилцож, тусламж үйлчилгээтэй танилцлаа | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.