Шууд Chart

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

2026-06-29 15:36:01

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш 28 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг А.Ариунзаяа гишүүн тодотгоод сүүлийн 6 жилийн хугацаанд холбогдох судалгаа, тооцоолол, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий есөн гишүүний хамтаар санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж байгаа гэв.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Статистикийн тухай хууль нь орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүйн зэрэгцээ цаашид хүлээгдэж байгаа шинэ тутам харилцааг бүрэн зохицуулах боломжгүй болжээ.

 

Түүнчлэн Статистикийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтөд тусгасан асуудлууд, олон улсын жишиг, тэргүүн туршлагыг нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр тусгах боломжгүй байгаагийн зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийн хэрэгжилт болон бусад холбогдох хуульд нийцүүлэх, уялдаа холбоог хангах шаардлага үүссэн байна. Иймд эдгээрийг нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах, ойлгомжтой, оновчтой болгох шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 7 бүлэг 35 зүйлтэй бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн зорилт, статистикийн хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, статистикийн үндсэн зарчмууд, тогтолцоо, Үндэсний статистикийн хорооны бүрэн эрх, түүний дотор холбогдох байгууллагуудын мэдээллийн санд хандах эрх, хорооны чиг үүрэг, дарга, дэд даргын бүрэн эрх, Үндэсний статистикийн зөвлөл, түүний бүрэн эрх, эрхлэх асуудлыг тодорхой тусгасан байна. Үүний зэрэгцээ хорооны Тамгын газрын дарга, нэгжүүдийн бүрэн эрх, чиг үүрэг, эрсдэлийн удирдлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр томьёолж, оролцогч бусад тал, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг зохицуулахаар тусгасан байна.

 

Мөн статистикийн мэдээллийн хэлбэр, үзүүлэлт, статистик мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа, хориглох зүйлийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Статистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо, дотоод хяналт, статистикийн мэдээлэгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт, статистикийн үйл ажиллагааны талаар бүх шатны Засаг дарга болон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо, Засгийн газрын бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсэхгүйн зэрэгцээ одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл арилж, хэрэгжилт, үр нөлөө сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.


Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй