Шууд Chart

Дэлхийн худалдааны байгууллагын төв байрны 100 жилийн ой тохиож байна

2026-07-06 13:23:42

Женев хотноо 7 дугаар сарын 1-ний өдөр ДХБ-ын төв байр болох Уильям Раппардын төв (Centre William Rappard) байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. 

Ёслолын арга хэмжээнд Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Др. Нгози Оконжо-Ивеала, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяна Валовая, Олон улсын Худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хэмилтон, Женев мужийн Төрийн зөвлөлийн Ерөнхийлөгч Анн Ильтпольд, Раппардын гэр бүлийн төлөөлөл, Женевт суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн арга хэмжээний хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын төв байранд “WTO Marketplace” албан ёсоор нээлтээ хийж, гишүүн орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үйл ажиллагааг эхлүүлэв. Энэхүү санаачилгад Монгол Улс нэгдэж, ДХБ болон Олон улсын Худалдааны төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” WEIDE сангийн хөтөлбөрт шалгарсан "Гоёл Кашмер" болон "БОГ" компанийн үйлдвэрлэсэн ноолуур, эсгий бүтээгдэхүүнийг борлуулж эхэллээ.

Ингэснээр монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн чанартай, тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон улсын байгууллагын төлөөлөгчид болон зочдод сурталчлахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн экспортын зах зээлийг тэлэх, Монголын брэнд бүтээгдэхүүнийг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой юм.

Дашрамд тэмдэглэхэд 1926 онд ашиглалтад орсон Уильям Раппардын төв нь олон улсын байгууллагуудад зориулан баригдсан Женев хотын анхны барилга бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн нарийн бичгийн дарга нарын газар байрлаж байгаад 1995 оноос хойш Дэлхийн худалдааны байгууллагын төв байр болон үйл ажиллагаагаа явуулж байна.


Дэлхийн худалдааны байгууллагын төв байрны 100 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй