Шууд Chart

"Улаанбаатар" баг 3 дахь удаагаа Дээд лигт түрүүллээ

2026-07-07 14:30:40

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн тэмцээний 30 жилийн ой, 30 дахь улирлын тэмцээн 10 сар орчмын хугацаанд үргэлжилж нийт 103 тоглолт, 482 гоол орсон өрсөлдөөний эцэст шилдгүүдээ тодрууллаа. Энэ улирлын хүрэл медалийн эздээр Г.Мөнхчулуун эзэнтэй Б.Ууганбат ахлагчтай “Дэрэн" клуб тодорлоо. Тэд улирлын 22 тоглолтоос 45 оноо авч клубийнхээ түүхэнд Дээд лигээс 4 дэх медалиа хүртэж байна. 

Лигийн тэмцээний мөнгөн медалийн эзэд Азийн хөлбөмбөгийн холбооны "Чэлленж лиг"-ийн тэмцээнд оролцох эрх авах учраас 2-р байрын төлөө багууд сүүлийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөн үзүүлсэн. Улмаар “Централ Сталлионс” баг 1 онооны илүү буюу 46 оноогоор 2-р байрт шалгарч Дээд лигийн тэмцээнээс багийнхаа түүхэн дэх анхны медалиа хүртлээ. "Төв Азарганууд" багийн хувьд өнгөрсөн жил 9-р байрт шалгарч байсан бөгөөд энэ жилийн лигт хамгийн сайн ахиц дэвшил гаргаж чадсан клуб болсон юм.

Дээд лигийн тэмцээний 30 жилийн түүхт ойн улирлын аваргуудаар Б.Гантиг эзэнтэй, Д.Төрбат ахлагчтай "Улаанбаатар" баг тодорч, клубийн түүхэндээ Дээд лигийн тэмцээнд 3 дахь удаагаа аваргын цом хүртлээ. Энэ нь тэдний лигийн 3 дахь алтан медаль, 8 дахь медаль нь болж байна. Өмнө нь "Улаанбаатар" баг 4 удаа мөнгө, 1 удаа хүрэл медаль хүртэж байсан билээ.

Нийслэл хотын баг ийнхүү Дээд лигийн 30 жилийн түүхэнд 3 удаа аваргын цом өргөсөн 3 дахь баг болж байна. Өмнө нь "Эрчим", "Хангарьд" багууд л энэ амжилтыг гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл "Улаанбаатар" лигийн бүх цаг үеийн түүхэнд амжилтаараа 3-р байрт орж ирж байна. 

"Нийслэлчүүд" энэ улирлын 22 тоглолтоос 17 хожил, 2 тэнцээ нийт 53 оноо авч түрүүлсэн бөгөөд лиг дуусахаас 3 тойргийн өмнө аваргын болзлоо хангасан билээ. Мөн эхний 15 тоглолт дараалан хожигдоогүй цуврал гаргасан юм. Улиралд нийт 81 гоол оруулсан нь лигийн багуудыг тэргүүлэх үзүүлэлт бөгөөд 19 гоол алдсан нь хамгийн цөөн гоол алдсан үзүүлэлт болжээ. 

 

Дээд лигийн энэ жилийн шилдэг туслах шүүгчээр Б.Эрдэнэгомбо шалгарсан бол шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ тодорсон байна. 

Лигийн шилдэг хаалгачаар "Улаанбаатар" клубийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ тодорлоо. Тэрээр 4 дэх удаагаа лигийн аварга болж 3 дахь удаагаа лигийн шилдэг хаалгачийн шагналыг хүртэж байна. Тэрээр энэ улирал хамгийн олон буюу 9 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлтийг гаргажээ. 

Шилдэг хамгаалагчаар "Улаанбаатар" багийн төвийн хамгаалагч Г.Бат-Оргил шалгарлаа. Түүний хувьд "Улаанбаатар"  багийн хамтаар 2 дахь удаагаа лигийн аварга болж анх удаа шилдгийн шагналыг хүртэж байна. 

Улирлын Шилдэг хагас хамгаалагчаар "Дэрэн" клубийн тоглогч Б.Батмөнх тодорчээ. Улирлын турш багийнхаа амжилтын гол тулгуур байсан тэрээр анх удаа шилдгээр шалгарч байна. Мөн 13 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр лигийн бүх тоглогчийг тэргүүлжээ.

Лигийн шилдэг довтлогчоор "Улаанбаатар" багийн мэргэн бууч О.Мижиддорж шалгарлаа. Тэрээр улиралд нийт 19 гоол оруулсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлсэн байна. О.Мижиддоржийн хувьд одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд анх Дээд лигийн мэргэн буучаар шалгарч байсан бөгөөд 2 дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.  

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Улаанбаатар" баг 3 дахь удаагаа Дээд лигт түрүүллээ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй