2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс нутаг, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг болголоо. Түүнчлэн Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлагаар шуурхай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгав.
Хаврын тариалалтын урьдчилсан дүнг хүргэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгавраар хаврын тариалалтын ажлыг орон нутагт технологит хугацаанд үр дүнтэй зохион байгуулан ажиллах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, хаврын тариалалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийтдээ 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна. Өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, тосны ургамал, хүнсний ногооны тариалалт үргэлжилж байна.
Мөн хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэв. Ингэснээр хаврын тариалалтын ажлыг технологит хугацаанд буюу 17–24 хоногийн дотор бүрэн гүйцэтгэлээ.
Энэ жилийн хувьд 270.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад 7, 8, 9 дүгээр саруудад хур тунадас багатай, хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөвийг гаргасан бөгөөд цаашид таримал ургамлын ургалтын хугацаанд хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаа тул ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
| Хаврын тариалалтын урьдчилсан дүнгээр 530.4 мянган га талбайд тариалалт хийжээ | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.