Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа “Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн сурын талбайд Буриад сурын харваа өглөө 08:00 цагт эхлэх байсан.
Гэвч сурын талбай өглөө орсон борооны усанд автсан учраас Буриад сурын харваа цагтаа эхлээгүй. Сурын холбоо болон харваачид борооны усыг соруулж дуусгаад 12 цагт буриад сурын харваа эхэллээ.
Буриад сурын харвааны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Доржпүрэв “Буриад сурын харваа дүрмээ шинэчилж, шинэчилсэн дүрмээр баяр наадамдаа оролцож байгаа. Энэ жилийн Буриад сурын харваанд эрэгтэй 198, эмэгтэй 90, харваач хүч мэргэнээ сорьж байгаа. Энэ жилийн баяр наадамд орон нутгаас харваачид нэлээд ирж оролцож байна.
Эмэгтэй 10 улсын мэргэн, эрэгтэй 12 улсын мэргэн, олон улсын мастер 4, аймаг сумын спортын зэрэгтэй 80 гаруй харваачид буриад сурын харваанд бүртгүүлсэн. Мөн 100 орчим залуу харваачид оролцож байсан. Өглөө 08.00 цагт мэргэ босох байсан боловч сурын талбай борооны усанд автаад буриад сурын харваа цагтаа эхлээгүй. Бороо усыг шуурхай соруулаад дуусгаад 12 цагт сурын харваагаа эхлүүлнэ.
Буриад сурын харваа 30, 45 метр гэсэн хоёр зайнаас харвадаг. Харваачид хоёр сумаар харвадаг юм. Сүүлийн шатанд оноо тэнцсэн үед 45 метрээс хамгийн их оносон харваачийг ялагчаар шалгаруулдаг. Хуучин дүрмээр 64 сум харвадаг байсан. Энэ жилийн хувьд шинэ дүрмээр 45 харваж байгаа. Буриад угсаатны харваа эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн ёс дэг, журам, дүрэм, нум, сум технологи стандартаар бусад сурын харваагаас онцлогтой” гэв.
Буриад сурын спортын магистр Т. Баярбат “Би Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул. 1998 оноос буриад сурын спортоор хичээллэж эхэлсэн. Буриад сурын харваагаар хичээллээд 28 жил болж байна. Спортын магистр цолтой. Үндэсний баяр наадамд 2000 онд анх оролцож байсан. Энэ жил 26 дахь жилдээ оролцох гэж байна. Амжилт гэхээс илүүтэй уламжлалаа хадгалж, хойш үедээ зөв үлдээх нь хамгийн чухал гэж боддог.
Манай аав, өөв харвадаг байсан учраас би багаасаа буриад сурын харваанд их сонирхолтой болсон. Үндэсний уламжлалт харваа учраас буриад сурын харваа үнэхээр гоё спорт. Би 2016 оноос эхэлж нум сум хийж сурсан.
Одоо нум сумаа өөрөө хийдэг болсон. Нум сум материалаас хамаарч янз бүр байдаг. Олон жил хэрэглэдэг нум сум ч бий. Би Бурхан халдун багт харьяалагдаж явдаг. Манайх наадмын бэлтгэлээ Цонжин болдог хийсэн. Өнөөдөр сурынхаа бэлтгэлийн хэрхэн хангасан гэдгээ шалгана даа”гэв.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн, мэргэн спортын магистр Л. Байгальмаатай цөөхөн хором ярилцлаа.
-Та сурын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Миний хувьд сурын спортоор 2023 оноос эхэлж хичээллэж эхэлсэн. 2023 онд нутгийн наадам анх оролцож харваж байсан. Мөн 2024 онд Улсын баяр наадам анхморолцож харваж байлаа. Төрийн баяр наадамд дахь жилдээ оролцох гээд бэлтгэлээ хангаад ирчихсэн байна. Буриад сураас гадна Үндэсний сураар бас хичээллэдэг. Буриад сурын харваагаар хичээллээд 4 жил болж байгаа.
-Буриад болон үндэсний сураар хичээллэдэг гэж байна. Энэ хоёр сур ямар онцлог ягаатай бэ?
-Буриад сур, Үндэсний сур техникийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Харин зай болон сум тавих тооны хувьд ялгаатай байдаг. Буриад 48 сум тавьдаг бол үндэсний сур 40 сум тавьдаг.
-Наадмын бэлтгэлээ хаана хангасан бэ?
-Энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ нутагтаа хангасан байгаа. Хоёр хоногийн өмнө хотод ирээд Налайх дүүрэгт хоёр хоног бэлтгэл хийсэн.
-Та аймгийн мэргэн цолоо хэдэн онд авсан бэ?
- Өнгөрсөн жил нутгийнхаа баяр наадмаараАймгийн мэргэн цолоо авсан. Харин спортын магистр цолоо 2023 онд авсан байсан. Өнгөрсөн жил Буриад сурын дэд магистр болсон байгаа.
-Эмэгтэй хүн сурын спортоор хичээллэхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг бэ?
- Эмэгтэй хүний хувьд өөртөө таарсан нум сумаа сонгоод хэрэглээд явах болно гэж боддог. Их бяр хүч шаардлагагүй. Хамгийн чухал зүйл нь мэдрэмж, овсгоотой байх хэрэгтэй. /Инээв/
Буриад сур 30, 45 гэсэн хоёр зайнаас харвадаг. Сум харвахад хугацаа минут хамаарахгүй.
-Та хожуу энэ спортоор хичээллэсэн байна. Яагаад энэ спортыг сонгосон бэ?
-Анх бол сурын мэдлэг муутай байсан. Монгол Улсын даян мэргэн Д.Нормаа мэргэн миний найз. Найз маань санал тавьж байсан. Тухайн үед би цэргийн хүн байсан учраас хичээллэх цаг хугацаа байдаггүй байсан. Цэргийн байгууллагаас тэтгэвэртээ гараад 2022 оноос сурын спортоор хичээллэж эхэлсэн.
Хамгийн их нөлөөлсөн хүн бол миний найз. 2022 онд Ховд аймгийн мэргэн н.Шинэхүү эгч анх нум бариулж, нум сумын ойлголтыг өгч байсан. Үүнээс хойш олон мэргэн ах, эгч нараасаа суралцаад явж байна. Хожуу хичээллэсэн гэсэн өөрийнхөө хэмжээнд сайн хичээллэж байгаа гэж бодож байна.
-Нум сумаа хаанаас авдаг бэ?
-Нум сум хийдэг хүнд жилийн өмнө захиалга өгч хийлгэдэг. Нум сумыг шууд бараа материал шиг худалдаж авах боломжгүй. Өөрийнхөө биеийн хэмжээнд тааруулж хийдэг байгаа.
| Буриад сурын харваа өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.