Шууд Chart

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

2026-07-08 15:54:06

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алслагдсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршилд тус тус зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулна.

Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10.0 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11.0 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ.

Хичээлийн байрны барилга байгууламжийн стандарт хүчин чадлаас хэтэрсан ачаалалтай ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжуулэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тогтоолоор үүрэг болголоо.


“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй