Шууд Chart

НҮБ АНУ, Ираныг хурцадмал байдлаа намжааж, хэлэлцээг сэргээхийг уриалав

2026-07-09 11:50:52

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш АНУ, Ираны хооронд цэргийн мөргөлдөөн дахин эхэлсэнд гүнээ түгшиж буйгаа илэрхийлж, талуудыг хурцадмал байдлыг намжаахыг уриаллаа.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик 7 дугаар сарын 8-нд мэдээлэхдээ, хоёр улсын хоорондын дипломат ахиц саатах эрсдэлтэй байгааг онцолжээ. Хэрэв бүрэн хэмжээний сөргөлдөөн дахин эхэлбэл бүс нутгийн ард иргэд, олон улсын энх тайван, аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Гутерреш бүх талыг туйлын хүлээцтэй байж, хурцадмал байдлыг улам даамжруулах аливаа үйлдлээс зайлсхийхийг уриалав. Мөн нөхцөл байдлыг яаралтай намжаах арга хэмжээ авч, олон улсын хуулийг чанд мөрдөн, АНУ, Иран яаралтай хэлэлцээгээ сэргээж, асуудлыг дипломат замаар шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ.

АНУ-ын Төв командлал 7 дугаар сарын 7-нд Ираны 80 гаруй байг цохилтод өртүүлснээ мэдэгдсэн. Үүнийгээ Ормузын хоолойгоор зорчиж байсан худалдааны гурван хөлөг онгоцонд хийсэн Ираны халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Мөн АНУ Ираны газрын тосны үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтад өмнө нь олгосон 60 хоногийн зөвшөөрлийг хүчингүй болгож, газрын тосны хориг арга хэмжээг сэргээжээ. Харин Иран АНУ-ыг харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчсөн гэж буруутган, хариу арга хэмжээ авсан байна.


НҮБ АНУ, Ираныг хурцадмал байдлаа намжааж, хэлэлцээг сэргээхийг уриалав  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй