Шууд Chart

Эль-Нино нэн хүчтэй болох төлөвтэй байгааг эрдэмтэд анхаарууллаа

2026-07-09 12:28:32

Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хамтран “Дэлхийн агаар мандлын тогтворгүй байдал ба Монгол орны зуны улирлын цаг агаар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.07.09/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар хэт халалт, усархаг аадар бороо, үер зэрэг ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн давтамж, эрчим эрс нэмэгдэж байгааг онцоллоо. Мөн Номхон далайн экваторын бүсэд үүсдэг Эль-Нино үзэгдэл энэ онд урьд өмнө тохиолдож байгаагүй хэмжээнд буюу “нэн хүчтэй” түвшинд хүрэх төлөвтэй байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулсан байна.

Эрдэмтдийн мэдээлснээр Эль-Нино нь Монгол орны уур амьсгалд шууд бус нөлөө үзүүлдэг бөгөөд агаар мандлын ерөнхий орчил, даралтын орны өөрчлөлт, чийгийн шилжилтээр дамжин зуны цаг агаарт нөлөөлөх боломжтой юм. Сүүлийн 30 гаруй жилд 12 удаа Эль-Нино ажиглагдсан бөгөөд 1982/83, 1997/98, 2015/16, 2023/24 онуудад нэн хүчтэй байсан байна. Эдгээр жилүүдэд Монголын зүүн болон зүүн хойд нутгаар сэрүүн, хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж байжээ.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн боловсруулсан 2026 оны 7-9 дүгээр сарын урьдчилсан төлөвөөр баруун аймгуудад хур тунадас дунджаас бага, агаарын температур дулаан байх төлөвтэй байна. Харин төв болон зүүн аймгуудад агаарын температур олон жилийн дунджийн орчим буюу түүнээс сэрүүхэн, хур тунадас дунджаас ахиу орох төлөв гарчээ.

Мэргэжилтнүүд зуны саруудад хэт халалт, температурын огцом хэлбэлзэл, богино хугацааны хүчтэй аадар бороо, гол мөрний усны түвшин нэмэгдэх, үер усны эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Мөн зуны хур тунадас, гангийн нөхцөл байдал нь хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт нөлөөлөхөөс гадна өвлийн зудын нөхцөл бүрдэхэд ч нөлөөлж болзошгүйг онцолсон байна.


Эль-Нино нэн хүчтэй болох төлөвтэй байгааг эрдэмтэд анхаарууллаа  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй