Шууд Chart

Монгол, Солонгосын байгаль орчин, ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-10 09:01:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам БНСУ-ын Эх орончид болон ахмад дайчдын хэргийн яам, Ойн алба болон Ойн газартай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр гурван санамж бичиг байгууллаа.

Нэгдүгээрт, Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж, түүхэн гавьяа байгуулсан Солонгосын эмч И Тэ Жүний дурсгалыг хүндэтгэн, түүний нэрэмжит дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, тохижуулах, үйл ажиллагааг нь хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хоёрдугаарт, Монгол Улсад ойд ээлтэй, уур амьсгалын эерэг арга хэмжээ хэрэгжүүлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, ой болон ландшафтыг нөхөн сэргээх, үрийн менежментийн тогтолцоог хөгжүүлэх, мод үржүүлгийн газрын чадавхыг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ.

БНСУ-ын Ойн ерөнхий газар ойжуулалтын амжилттай туршлага, дэвшилтэт технологио хуваалцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх бол Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага олон улсын хамтын ажиллагааны платформ, техникийн туслалцаа, сургалт, судалгаа болон олон улсын уур амьсгалын санхүүжилт татах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, цөлжилт, элсэн болон шороон шуургатай тэмцэх, ойн доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр “Ногоон хэрэм” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний уялдаа холбоог бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Энэ хүрээнд цөлжилт, газрын доройтолд өртөмтгий бүс нутгийг ойжуулах, доройтсон ой, газрыг нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, агро ойн аж ахуй болон эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цогц ажлыг хэрэгжүүлнэ.

Эдгээр санамж бичиг нь Монгол, Солонгосын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ой, цөлжилттэй тэмцэх салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг олон улсын туршлага, технологи, санхүүжилтийн боломжтой уялдуулахад чухал ач холбогдолтой юм.


Монгол, Солонгосын байгаль орчин, ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй