Ургамлын цэцгийн тоосны харшил нь дэлхий даяар олон сая хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд ойролцоогоор 400 сая хүн харшлын ринит (хамрын салст бүрхүүлийн үрэвсэл), 300 сая хүн гуурсан хоолойн багтраа (астма)-аар өвчилж байна.
Ялангуяа шарилж (Artemisia) болон лууль (Chenopodium) төрлийн ургамлын цэцгийн тоос нь салхиар хэдэн мянган километрийн зайд тархах боломжтой тул эдгээр ургамал ургадаггүй бүс нутагт хүртэл харшлын шинж тэмдэг үүсгэх эрсдэлтэй байдаг.
Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар агаар дахь ургамлын тоосны бүтцэд шарилж (Artemisia) 34.4 хувь, үетэн (Poaceae) 15 хувь, лууль (Chenopodium) 14 хувь, нарс (Pinus) 11 хувь, улиас (Populus) 9.6 хувь, хус (Betula) 7.5 хувь, хар мод (Larix) 2.3 хувийг тус тус эзэлж байна гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг.
Энэ жилийн бодит цаг агаарын нөхцөл болон урьдчилсан мэдээнд үндэслэн хүн ам олноор суурьшсан бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон аймгийн төвүүдэд лууль, шарилжны төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг тооцоолж гаргав.
Лууль, шарилжны төрлийн (хөл газрын) ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан төлөвийг тоймловол:
-Баян-Өлгийн Өлгий, Завханы Улиастай, Увсын Улаангом, Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгорын төв, Өвөрхангайн Арвайхээр, Говь-Алтайн Алтай, Жаргалантад 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 2,
-Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Зуунмод, Хэнтийн Чингис, Дархан-Уул, Улаанбаатар, Эрдэнэт, Булганы төв, Сэлэнгийн Сүхбаатарт 8 дугаар сарын 6-наас 12;
-Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд 8 дугаар сарын 16-наас хойш цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна.
Иргэдэд өгөх зөвлөмж
Ургамлын цэцгийн тоосонд мэдрэг болон харшилтай иргэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
-Цэцгийн тоосны идэвхтэй үеүдэд гадаа байх хугацаагаа аль болох багасгах.
-Салхитай, хуурай өдрүүдэд шаардлагагүй бол гадаа удаан хугацаагаар явахгүй байх.
-Амны хаалт, нарны шил хэрэглэх.
-Гадаа явсны дараа нүүр, гар, үсээ угааж, хувцсаа солих.
-Цонхоо удаан хугацаагаар онгорхой байлгахгүй байх.
-Эмчийн зөвлөсөн зөвлөгөөг мөрдөх.
Ургамлын цэцгийн тоосны улиралд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлснээр харшлын шинж тэмдгийг бууруулж, эрүүл мэндээ хамгаалах боломжтой.
| Хөл газрын ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан төлөвийг гаргажээ | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.