Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Нар хур тэгширч, наадамчин түмэн цэнгэн наадсан дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёс, түмэн олны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ.
Эх түүхийг амилуулдаг хурдан хүлгийн төвөргөөн, ид хавыг өргөдөг хүчит бөхийн шаваа, эв эеийг хурайлдаг эрчит сумны уухайн дор монгол түмэн хөх тэнгэрийнхээ энгээр хийморь сүлдээ бадрааж, хөрст газрынхаа дайгаар сэтгэл оюунаа баясгаж, хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Аргамаг хүлгүүд нь хурдтай, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл-Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр өндөрлөж байна.
Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.