Шууд Chart

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-17 19:33:27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” болон соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийн, Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамт “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан.

Хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон юм.

Энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулсан юм.


Тажикистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй