Өнөөдөр Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн амрагч хүүхдүүдтэй уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хорт зуршил гэх мэт аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ярилцлаа.

Хүүхэд бүр айдасгүй, дарамтгүй, аюулгүй орчинд сурч, хөгжиж, мөрөөдлөө бүтээх эрхтэй. Тиймээс Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өнгөрсөн тав дугаар сард хүүхдийн төлөөх байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсэг үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 1300 гаруй хүүхэд энэхүү сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл авчээ.
Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт хүүхдийн дундах наргиан тоглоом биш хүчирхийллийн нэг хэлбэр, гэмт хэргийн шинжтэй болж, нийгмийг цочроосон олон хэргүүд гарч байна. Нэг үг, нэг үйлдэл хэн нэгний сэтгэлд насан туршийн шарх үлдээж болохын зэрэгцээ, нэг сайхан үг, нэг зөв үлгэрлэл, нэг тусламж хэн нэгний амьдралыг өөрчилж чадна.
Тиймээс өнөөдрийн уулзалтаар хүүхэд бүр бие биеэ хүндэтгэж, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрч, дээрэлхэлтийг харсан, мэдсэн тохиолдолд дуугүй өнгөрөх бус, зөв хүнд нь мэдээлж, найзаа хамгаалж сурах нь хамгийн чухал гэдгийг ярилцлаа.
| Үе тэнгийн дээрэлхэлтэд “Үгүй” гэж хэлцгээе | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.