Сөүл хотын бүсэд үйл ажиллагаа явуулдаг цахим худалдааны Coupang компанийн ложистикийн төвд гарсан гал 52 гаруй цагийн турш унтраагүй хэвээр байгаа бөгөөд гал түймэртэй тэмцэх албаныхан галыг унтраахын зэрэгцээ барилга нурах эрсдэлийг хянан ажиллаж байна.
Гал Бямба гарагийн өглөөний 06:54 цагт (Баасан гарагийн 21:54 GMT) Сөүлээс баруун зүгт орших Инчон хот дахь Coupang компанийн №32 ложистикийн буюу захиалгын төвийн зургаадугаар давхарт гарч, улмаар долоодугаар давхар руу тархсан гэж гал түймрийн албаныхан мэдээлэв. Барилга дотор байсан бүх ажилтныг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж Coupang мэдэгдсэн байна.
Тус төвд ахуйн хэрэглээний бараа, цаасан хайрцаг, сав баглаа боодол зэрэг шатамхай материал их хэмжээгээр хадгалагддаг аж. Гал түймэртэй тэмцэх албаныхан эхэндээ гал гарснаас хойших хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 19-ний оройн 23:00 цаг гэхэд үндсэн голомтыг хяналтад авна гэж тооцоолж байсан ч агуулах дотор их хэмжээний шатамхай материал хадгалагдаж байсан бөгөөд барилгын бүтэц нарийн төвөгтэй тул ажиллагаа удааширсан байна.
Долдугаар сарын 18-нд улсын хэмжээнд зарласан гал түймрийн нэгдсэн дайчилгааны шийдвэрийг хэвээр хадгалж, галын бүсэд нийт 231 техник хэрэгсэл, 812 алба хаагч, гал сөнөөгчид ажиллаж байна.
Гал удаан хугацаанд үргэлжилж байгаатай холбогдуулан Инчоны Сохэ дүүргийн захиргаа хуралдаж, Ням гарагийн оройн 23:00 цагаас эхлэн эргэн тойрны 116 метрийн радиуст орших бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Шинхён бага сургууль болон Шинхёнбүк бага сургуульд байгуулсан түр байрлах төвүүдэд нийт 89 өрхийн 168 хүн байрлаж байгаа аж.
Мөн Сохэ дүүргийн захиргаа гал гарсан газрын ойролцоох 31 цэцэрлэг болон бага сургуулийг тухайн өдөр нэг өдрийн хугацаанд хаахыг зөвлөсөн байна.
Сөүл хотын бүсэд шуурхай хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг энэхүү байгууламж нь Coupang компанийн өөрийн худалдан авсан барааг хадгалдаг агуулах юм. Найман давхар, нийт 299 мянган ам метр талбайтай бөгөөд энэ нь ойролцоогоор 42 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй аж гэж Reuters.com мэдээллээ.
| Өмнөд Cолонгосын Coupang компанийн агуулахад гарсан гал 52 гаруй цаг үргэлжилж байна | ||
| Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.