Шууд Chart

Наадмын амралтын өдрүүдэд ГССҮТ 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ

2026-07-20 14:37:49

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 19-ний хооронд нийт 5314 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт тохиолдлын 3302 нь насанд хүрэгсэд, 2012 нь 0-18 насны хүүхэд байгаа бөгөөд хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 2994, эмэгтэй 2320 байна. Гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, 38.2% буюу 2031 нь зөвхөн уналтын шалтгаант осол гэмтэл байгаа юм.

Мөн яаралтай тусламж авсан нийт үйлчлүүлэгчдийн 10.0% буюу 530 нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртжээ.

Баяр наадмын үеэр төв болон салбар эмнэлэгт нийт 170 хүнд яаралтай мэс засал, 123 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх өдрүүдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт нийт гурван удаагийн дуудлагаар очиж, орон нутагт осолдож гэмтсэн иргэдэд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэх байдлаар тасралтгүй ажилласан байна.

Мөн энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас нийт 943 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 576, 0-18 насны хүүхэд 367 байна. Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 182 байгаагаас 0-9 насны хүүхэд 24, 10-18 насны хүүхэд 55 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн 23 хүүхэд байгаа юм.

Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1565 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 615 нь 0-18 насны хүүхэд байна.

 

 

 


Наадмын амралтын өдрүүдэд ГССҮТ 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй