Шууд Chart

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21 09:17:35

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна. “Туул-1” коллекторын IV хэсэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа.

“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ““Туул-1” коллекторт хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн 50-100 жилийн эдэлгээг даахуйц, химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн 1200-1500 мм голчтой хоолойг ашиглаж байна.

Хоолойн дотор ханын гөлгөр гадаргуу нь бохир усны урсгалыг чөлөөтэй дамжуулах давуу талтай. “Туул-1” коллектор ашиглалтад орж байж бид гэр хорооллыг барилгажуулах боломжтой болно. Энэ ажлыг хийж дуусгахгүй бол өмнөдийн 1000-ын коллектор татан зайлуулж буй бохир усны ачааллаа дийлэхээ больж, бохир халих эрсдэлтэй юм” гэв.

Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30.4 км үргэлжлэх "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж дуусалгүй олон жил болсон. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн юм. “Туул-1” коллекторын III, IV дүгээр хэсгийн 1200-1500 голчтой шугамаас угсралт хийгдээгүй үлдсэн 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно. Ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлт, бусад инженер хангамжийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байгааг УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэллээ.

 


Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй