Шууд Chart

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Хөвсгөл аймагт эхэллээ

2026-07-27 15:15:20

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Хөвсгөл аймагт 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцов.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийнэ.

Хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулна.

Орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулна.

Хавдраас сэргийлэх, хянах бодлогын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ.

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, амь насыг аврах боломжтой. Иймээс иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт жил бүр идэвхтэй хамрагдахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.


“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Хөвсгөл аймагт эхэллээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй