Шууд Chart

COP17-д зориулсан соёл, урлагийн хөтөлбөрийн бэлтгэл эрчимжиж байна

2026-07-28 09:31:05

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд соёл, урлагийн байгууллагууд бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.

Тодруулбал, хурлын Соёл, урлагийн хөтөлбөр хариуцсан ажлын хэсэг, тоглолт, арга хэмжээ зохион байгуулах байгууллагууд болон цэнхэр, ногоон бүсэд үндэсний агуулга бүхий соёлын орон зай бүрдүүлэх кураторын баг долоодугаар сарын 25-нд талбай дээр ажиллажээ. Энэ үеэр байгууламжуудын бүтээн байгуулалтын явц, тайз, техник хэрэгслийн бэлтгэл, зохион байгуулалтын асуудлыг гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран хэлэлцсэн байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл, урлагийн газар нь COP17 хурлын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа юм.

Хурлын хүрээнд цэнхэр болон ногоон бүсэд үндэсний онцлогийг харуулсан соёлын орон зай байгуулж, тоглолт, үзэсгэлэн зохион байгуулахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын түвшний уулзалт, хүлээн авалтын соёл, урлагийн хөтөлбөрийг хариуцахаар төлөвлөжээ.

Мөн гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулан нүүдэлчдийн өв соёлыг сурталчлах "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль-ийг зохион байгуулах бөгөөд соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн, аялал жуулчлалын үйлчилгээний мэдээллийг хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Албан ёсны мэдээллээр COP17 хуралд дэлхийн 195 орны 10 мянга гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ үндэсний өв соёл, дэлхийн өвд бүртгэлтэй соёлын өвөө олон улсын зочид, төлөөлөгчдөд сурталчлах чухал боломж болохыг холбогдох байгууллагууд онцоллоо.

 
 

COP17-д зориулсан соёл, урлагийн хөтөлбөрийн бэлтгэл эрчимжиж байна  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй