ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзаж, мэдээлэл солилцлоо.
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, үндэсний хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл”-ийг гурван хоёр үе шаттайгаар 2017-2019, 2023-2025 онд хэрэгжүүлж, хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийг байгуулж, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэн, сургагч багш, зааварлагчийг бэлтгэсэн гэдгийг бригадын генерал Ц.Ганзориг танилцууллаа.
Мөн Япон Улсад 2011 онд 13 алба хаагч, 2023 оны хоёрдугаар сард БНТУ болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсад болсон газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд Эрэн хайх, аврах 24 алба хаагч, эмнэлгийн яаралтай тусламжийн 11 алба хаагчид хамтран 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, 8 хүнийг нурангиас гаргаж, амь насыг нь аварч, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгийг тодотгосон юм.
Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Олон улсын гамшгийн үеийн хариу арга хэмжээний тогтолцоо ба НҮБ-ын Эрэн хайх аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг: Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх боломж”, Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ.
Уулзалтаар талууд Монгол Улсын Хот дахь Эрэн хайх, аврах дунд ангиллын багийг олон улсын ангилалд бэлтгэх, цаашлаад бүс нутаг болон олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн эрэн хайх, аврах ажиллагаанд үр дүнтэй оролцох боломжийг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.

| Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний ангиллын багийг олон улсын ангилалд бэлтгэж, чадавхыг сайжруулна | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.