Армены Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Армены бараа бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар Армены Засгийн газар мэдээллээ.
Пашинян Армен гаралтай бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд нийлүүлэхэд тавьсан хязгаарлалт нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээ болон Евразийн эдийн засгийн холбооны дүрэм журамтай зөрчилдөж байгааг онцолж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг хүсжээ. Түүнчлэн уг асуудлыг харилцан ярианы замаар зохицуулахад Армен бэлэн байгааг илэрхийлсэн байна.
ОХУ өнгөрсөн сараас эхлэн Арменаас нийлүүлдэг жимс, хүнсний ногоо, цэцэг, загас, согтууруулах ундаа зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүний импортод түр хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Кремлийн мэдээлснээр, Владимир Путин ярианы үеэр Армен Европын Холбоонд элсэх асуудлыг бүх нийтийн санал асуулгаар аль болох хурдан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд Армен барууны орнуудтай харилцаагаа эрчимтэй өргөжүүлж байгаа нь Москва, Ереваны харилцааг хурцатгах нэг хүчин зүйл болсон юм. ОХУ Армен Европын Холбоонд элсэх үйл явцаа үргэлжлүүлбэл Евразийн эдийн засгийн холбооны гишүүнчлэлд нь нөлөөлж болзошгүйг өмнө нь анхааруулж байсан. Харин Армен эдийн засгийн хувьд ОХУ-аас өндөр хамааралтай хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд тус улсын нийт гадаад худалдааны 35 орчим хувийг ОХУ эзэлжээ.
| Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.