Шууд Chart

Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ

2026-07-29 13:22:29

Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Олон улсын геополитикийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байгаа энэ үед үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж болон технологийн багц байгууламжуудыг үе шаттайгаар нийлүүлж, угсралтын ажлыг үргэлжлүүлж буйг албаныхан мэдээллээ.

Хоёр сарын өмнө Атмосферийн нэрлэгийн цамхгийг (CDU) үйлдвэрийн талбайд хүлээн авсан бол энэ удаад Энэтхэгт үйлдвэрлэсэн Вакуум нэрлэгийн цамхагийг (VDU) Дорноговь аймаг дахь үйлдвэрийн талбайд амжилттай хүргэн авчирчээ. Тус төхөөрөмжийг Энэтхэгийн Мумбай боомтоос далайгаар тээвэрлэн БНХАУ-ын Тяньжин боомтод буулгаж, улмаар хүнд даацын автомашинаар Монголд тээвэрлэсэн байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байгаа юм.

Мөн дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд Петрочайна компанитай үүсээд байсан 30 жилийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгааг онцоллоо.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй