Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинээр томилогдож буй Суурин төлөөлөгчтэй уулзаж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагаа болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын томоохон түнш, санхүүжүүлэгчдийн нэг болохыг онцолж, шинээр томилогдож буй Суурин төлөөлөгчид ажлын амжилт хүслээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас COP17-ын бэлтгэл ажилд хоёр жилийн хугацаанд 500 мянган ам.долларын техникийн дэмжлэг үзүүлж, үндэсний хэлэлцээний багийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Монгол Улс COP17-ыг зохион байгуулах бэлтгэлээ эрчимтэй хангаж, олон улсын хөгжлийн түншүүдэд танилцуулах бодлогын баримт бичиг, төсөл, санаачилгуудыг боловсруулж байгааг мэдээллээ. Түүнчлэн Монгол Улс бага хурлыг зохион байгуулаад зогсохгүй, дараагийн хоёр жилийн хугацаанд Талуудын бага хурлыг даргалах тул COP17-ын үеэр дэвшүүлэх санаачилгуудыг бодит төсөл, тогтвортой санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагаатай уялдуулах нь чухал байгааг онцлов.
Энэ хүрээнд бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ус, газар болон байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санал тавилаа. Мөн тус банкны хэрэгжүүлж буй баруун бүсийн ногоон шилжилтийг дэмжих төслийн дараагийн үе шатыг COP17-ын санаачилгуудтай уялдуулан өргөжүүлэх боломжийг судлах талаар ярилцлаа.
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа баталсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичгийг боловсруулах, үндэсний хэмжээнд мэдээлэл, сурталчилгаа хийх, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар мөн санал солилцлоо.
Үүний зэрэгцээ ус, гол мөрөн, намгархаг газар болон нүүдлийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлдэг экосистемийг нөхөн сэргээх, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хамгааллын үр нөлөөг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Талууд COP17 болон Монгол Улсын хоёр жилийн даргаллын хугацаанд хэрэгжүүлэх санаачилгуудыг дэмжих бодитой төсөл, санхүүжилтийн боломжийг хамтран тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ногоон шилжилт, орчны бохирдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхээр санал нэгдсэн юм.

| Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов | ||
| Үзсэн: 44 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.