Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын газар Business4Land санаачилга, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Газрын доройтлын эдийн засаг (ELD) санаачилга болон Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) хамтран "Газарт хөрөнгө оруулах бизнес үндэслэл" (The Business Case for Land) сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо 2026 оны 7-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх мэдлэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Эрүүл, үржил шимтэй газар нь эдийн засгийн өсөлт, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, бизнесийн тогтвортой үйл ажиллагааны үндэс болдог. Сургалтын үеэр оролцогчид газрын доройтол, хөрсний чанарын бууралт, усны нөөцийн хомсдол болон экосистемийн өөрчлөлт нь байгууллагын үйл ажиллагаа, нэмүү өртгийн сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгээ гүнзгийрүүлж, эдгээр эрсдэлийг шинэ боломж болгон ашиглах олон улсын арга хэрэгсэлтэй танилцлаа.
Монгол Улсад газрын доройтлоос үүдэлтэй эдийн засгийн алдагдал жил бүр ойролцоогоор 2.1 тэрбум ам.долларт хүрдэг бөгөөд газрын нөхөн сэргээлтэд зарцуулсан 1 ам.доллар тутамд дунджаар 9 ам.долларын урт хугацааны эдийн засгийн өгөөж бий болох боломжтой гэсэн тооцоо байдаг. Иймээс газрын тогтвортой менежмент нь зөвхөн байгаль орчны асуудал бус, бизнесийн өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, экспортын зах зээлд нэвтрэх боломж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) эх орондоо зохион байгуулж буй орны хувьд Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн чиглэлд бодит хөрөнгө оруулалт, хэмжигдэхүйц амлалт, шинэлэг түншлэлийг бий болгох онцгой боломжтой юм.

| COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.