“Антропик” компанийн хөгжүүлсэн “Клод” хиймэл оюун ухааны загварууд кибер аюулгүй байдлын туршилтын үеэр гурван байгууллагын бодит системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар тус компани мэдээлсэн байна. Хамгийн эхний тохиолдол энэ оны дөрөвдүгээр сард тохиолджээ.
Туршилтыг олон нийтийн интернэтээс бүрэн тусгаарласан орчинд явуулах ёстой байжээ. Гэвч үнэлгээний хамтрагч “Иррегуляр” компанитай үүссэн үл ойлголцлын улмаас туршилтын системүүд интернэтэд холбогдсон хэвээр үлдсэн байна. “Клод”-д хиймэл сүлжээнд нуусан мэдээллийг олох даалгавар өгсөн ч бодит орчинд нэвтрэх боломжтой байсныг туршилтын оролцогчид мэдээгүй аж.
“Антропик” компани “ОпенЭйАй”-ийн хиймэл оюун ухааны агент туршилтын үеэр гаднын системд нэвтэрсэн талаарх мэдээллийн дараа 141 мянга гаруй туршилтын ажиллагаагаа шалгажээ.
Улмаар долоодугаар сарын 23-нд “Клод” интернэтэд холбогдсон байж болзошгүй ул мөр илрүүлж, кибер аюулгүй байдлын бүх туршилтаа зогсоосон байна. Долоодугаар сарын 24 гэхэд гурван тохиолдлыг тогтоож, 27-нд өртсөн байгууллагуудад мэдэгджээ.
Хиймэл оюун ухааны загварууд нарийн төвөгтэй арга ашиглаагүй бөгөөд сул нууц үг, баталгаажуулалт шаарддаггүй холболтын цэгүүдээр дамжин байгууллагуудын системд нэвтэрсэн гэж “Антропик” тайлбарласан байна. Өртсөн байгууллагын хоёр нь компаниас мэдэгдэх хүртэл уг үйлдлийг анзаараагүй бол гурав дахь байгууллагатай холбоо тогтоох ажиллагаа үргэлжилж байжээ.
Тус үйл явдалд “Клод Опус 4.7”, “Клод Митос 5” болон судалгааны нэг загвар холбогдсон байна. Энэ талаар “Антропик” компани уг тохиолдол нь дотоод болон гаднын байгууллагаар хийлгэдэг туршилтын орчинд илүү хатуу хяналт, хамгаалалт шаардлагатайг харууллаа гэж мэдэгджээ.
Хиймэл оюун ухааны агентууд бодит системийн сул талыг бие даан илрүүлж, ашиглах чадвартай болж буй нь мэдээллийн аюулгүй байдлын шинэ эрсдэл дагуулж байна.
Ялангуяа эрүүл мэнд, банк санхүү, төрийн үйлчилгээний системд ийм нэвтрэлт гарвал иргэдийн эмчилгээний түүх, данс гүйлгээ, бүртгэл болон бусад хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүсэж болзошгүй юм. Энэ нь уг тохиолдлоос ургуулан хийж буй эрсдэлийн дүгнэлт бөгөөд дээрх гурван байгууллагаас хувийн мэдээлэл алдагдсан талаар одоогоор мэдээлээгүй байна.
| “Клод” хиймэл оюун ухааны туршилтын алдаа гурван байгууллагад эрсдэл учруулжээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.