Ираны боомтуудад тогтоосон АНУ-ын тэнгисийн бүслэлт болон хориг арга хэмжээг үл харгалзан тус улсын газрын тосыг Малайзын эргийн ойролцоо хөлөг онгоц хооронд шилжүүлэн худалдаалсаар байгаа талаар “Аль Жазира” мэдээлжээ.
Долоодугаар сарын 25-нд Ираны далбаатай “Хьюмэнити” газрын тос тээвэрлэгч Малакка, Сингапурын хоолойгоор дамжин Малайзын эрэг рүү чиглэсний дараа байршил тогтоох автомат системээ унтраасан байна. Хиймэл дагуулын мэдээллээр 330 метр урт уг хөлөг эргээс 70 орчим километрийн зайд орших Зүүн гадаад боомтын хязгаарт хүрчээ.
Тэнгисийн аюулгүй байдлын шинжээчдийн үзэж буйгаар хөлөг Ираны газрын тосыг зуучлагч өөр хөлөгт шилжүүлэхийн өмнө байршлын дохиогоо унтраасан байх магадлалтай. Ачааны эцсийн чиглэл нь Хятад байж болзошгүй бөгөөд тус улс Ираны түүхий газрын тосны экспортын 90 орчим хувийг уламжлал ёсоор худалдан авдаг аж.
Малайзын Зүүн гадаад боомтын хязгаар нь олон жилийн турш хоригт орсон Иран, Орос, Венесуэлийн газрын тосыг дамжуулан худалдах албан бус төв болж ирснийг шинжээчид онцолжээ. АНУ-ын тэнгисийн бүслэлт Ираны боомтуудад дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилж, долоодугаар сарын 14-нөөс дахин сэргэсэн ч тус бүсийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилсэн байна.
Стэнфордын их сургуультай холбоотой “СиЛайт” тэнгисийн хяналтын төслийн мэдээлснээр энэ оны эхнээс Персийн булангаас Малайзын эрэг, Хонконг, Хятадын хойд хэсгийг чиглэн явсан 62 хөлөг хуурамч эсвэл ашиглалтаас гарсан хөлгийн таних мэдээлэл дамжуулжээ. Эдгээр нь Ираны газрын тосыг Хятадын бие даасан жижиг боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх зуучлалын сүлжээний нэг хэсэг гэж судлаачид үзэж байна.
Ираны газрын тосыг олон улсын усанд хөлөг онгоц хооронд хэд хэдэн удаа шилжүүлж, гарал үүслийг нь бүдгэрүүлдэг аж. Хятадын жижиг боловсруулах үйлдвэрүүд АНУ-ын санхүүгийн тогтолцоотой харьцангуй бага холбоотой тул хоригт орсон газрын тосыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах сонирхолтой байдаг гэж шинжээчид тайлбарлажээ.
Зүүн гадаад боомтын хязгаарт өдөрт 200 хүртэл хөлөг зангуугаа буулгадаг бөгөөд тэдгээрийн тал орчим нь Ирантай холбоотой байж болзошгүй байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Ираны далбаатай 18 газрын тос тээвэрлэгч тус бүсэд ирснийхээ дараа байршлын дохиогоо унтраажээ. Мөн долоодугаар сарын 30-ны байдлаар АНУ болон Европын Холбооны хоригт орсон 50-аас доошгүй хөлөг тус бүсэд байжээ.
Уг бүс Малайзын нутаг дэвсгэрийн уснаас гадна боловч эдийн засгийн онцгой бүсэд нь багтдаг. Малайз улс зургаадугаар сард хуулиа өөрчилж, зөвшөөрөлгүй зангуу буулгах, түлш нийлүүлэх болон хөлөг хооронд ачаа шилжүүлэхэд тавих хяналтаа чангатгасан ч алслагдсан байршил, эрх зүйн зохицуулалтын цоорхой хяналт тавихад хүндрэл учруулдаг аж.
Хөлөг хооронд шилжүүлсэн Ираны газрын тосны төлбөрийг Хятадын хил дамнасан банк хоорондын төлбөрийн системээр юаниар хийх боломжтой бөгөөд ингэснээр АНУ-ын хяналтад байдаг “Свифт” сүлжээг ашиглахгүй байх нөхцөл бүрддэг гэж мэдээлжээ. Иран өнгөрсөн онд Хятад руу өдөрт ойролцоогоор 1.4 сая баррель газрын тос экспортолсон гэх тооцоо бий. Гэвч Хятадын гаалийн мэдээлэлд Иранаас газрын тос импортолсон гэж бүртгээгүй байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн мэдээлснээр дайн эхэлснээс хойш Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн Ираны газрын тосны худалдан авалт 40 орчим хувиар буурчээ. Гэсэн ч Малайзын эргийн орчим дахь дамжин худалдаалах сүлжээ экспортын үлдсэн хэсгийг үргэлжлүүлэх боломж олгосоор байгааг шинжээчид хэлсэн байна.
| Малайзын эргийн орчимд Ираны газрын тосны худалдаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.