Шууд Chart

Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна

2026-07-31 13:28:56

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Хэнтий аймагт уул уурхайн 28 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 94.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалтхаан–Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр сум хүртэлх 152.5 км хатуу хучилттай авто замын төслийн багц 2, багц 5-ын санхүүжилтийг ирэх оны төсөвт багтаах, Батширээт суманд Гал унтраах салбар анги, Бор-Өндөр суманд Гал унтраах, аврах ангийн барилга шинээр барих, аймгийн төвд баригдаад гацсан дулааны станцын барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь танилцууллаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр аймаг, орон нутгуудад санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх тогтолцоонд шилжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг тодотгов. Тэрбээр, 10 аймагт баригдаад зогсонги байдалд байгаа дулааны станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтад оруулах эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх гэх зэрэг аргачлалуудыг Засгийн газар тодорхойлон ажиллаж буйг дурдлаа. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр онцгой байдлын байгууллагууд зөвхөн улсын төсөв хүлээх бус хувийн хэвшилтэй хамтрах, өөрсдийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилдэг байх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ.  Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслөөр орон нутгууд газар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр эдийн засгийн таатай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэлээ. 

Түүнчлэн, мал тооллогын бодит байдлыг хангаж, малын тоо толгой, үүлдэр, ашиг шимийн онцлогийг нарийвчлан бүртгэсэн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, газар ашиглалт, бэлчээр, уул уурхайн ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийг бий болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.


Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй