Шууд Chart

SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ

2026-08-05 11:23:02

Илон Маскийн удирддаг SpaceX компани олон нийтэд нээлттэй компани болсноос хойших анхны улирлын санхүүгийн тайландаа 541 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа мэдээллээ.

Энэ нь нэгж хувьцаанд 9 центтэй тэнцэж байгаа бөгөөд шинжээчдийн таамаглаж байснаас бага алдагдал гэж “Ассошиэйтэд Пресс” агентлаг мэдээлжээ. Харин компанийн орлого өмнөх оны мөн үеэс 90 гаруй хувиар өсөж, 7.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тайлант хугацаанд SpaceX-ийн гол орлогын эх үүсвэрүүдийн нэг болох хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Starlink-ийн хэрэглэгчийн тоо хоёр дахин нэмэгдэж, 12 саяд хүрчээ. Үүний нөлөөгөөр тус үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеэс 66 хувиар өсчээ.

SpaceX-ийн хувьцаа мягмар гарагийн энгийн арилжаагаар 9 хувиар өссөн ч арилжааны дараах үед өсөлтийнхөө ихэнхийг алдсан байна. Компанийн хувьцаа зургадугаар сард анхдагч олон нийтэд санал болгосны дараа оргил түвшинд хүрснээсээ хойш ойролцоогоор тал хувиар буурчээ. Хөрөнгө оруулагчид SpaceX-ийн сансрын аялал, хиймэл оюун ухааны Grok чатботын ирээдүйн талаарх Маскийн амлалтад болгоомжтой хандаж байгаа аж.

Мөн SpaceX дэд бүтэц, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулсан зардлаа огцом нэмэгдүүлсэн байна. Энэ төрлийн зардал өмнөх оны 3 тэрбум ам.доллар хүрэхгүй түвшнээс 18 тэрбум ам.доллар болж өсжээ. Компанийн санхүү хариуцсан захирал Брет Жонсен ирэх хоёр улиралд ч хөрөнгө оруулалтын зардал энэ түвшинд ойролцоо байхыг мэдэгджээ.

Илон Маск уг зардлыг хамгаалан тайлбарлахдаа өсөлтийн хурд нэмэгдэж, компани жилд нэг их наяд ам.долларын орлоготой болох хугацаа 2031 оноос 2030 он болж урагшилна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

SpaceX-ийн аварга пуужин Starship өнгөрсөн сарын сүүлээр туршилтын нислэгийн үеэр хиймэл дагуулуудыг сансарт амжилттай байршуулсан байна. Маскийн хэлснээр, энэ сарын сүүлээр Starship болон түүний хурдасгуурыг буцах үед нь механик гараар барьж авах туршилт хийхээр төлөвлөжээ.


SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй