Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасина Энэтхэгт хоёр жил орчим цөллөгт амьдарсны эцэст эх орондоо буцаж очихоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр яг товлосон өдрөө хараахан зарлаагүй ч 2026 оны арванхоёрдугаар сард Бангладешт очих хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Өдгөө 78 настай Шейх Хасина Өмнөд Азийн гадаадын сурвалжлагчдын клубээс зохион байгуулсан арга хэмжээнд цахимаар оролцох үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Шейх Хасина 2024 онд оюутнуудын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөний дараа эрх мэдлээс огцорч, нисдэг тэргээр Энэтхэгийн Шинэ Дели хот руу явснаас хойш Бангладешт буцаж очоогүй юм. Түүнийг жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэнтэй холбоотой хэрэгт буруутгаж, Даккагийн шүүх эзгүйд нь цаазаар авах ял оноосон аж.
Тэрбээр эх орондоо очвол баривчлагдаж, хоригдож болзошгүйг хүлээн зөвшөөрсөн ч Бангладешийн ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээсээ ухрахгүй гэж мэдэгджээ. Мөн өөрийн тэргүүлж байсан Авами лиг намд тавьсан хоригийг цуцлахыг шаардсан байна.
Бангладешийн эрх баригчид түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг Энэтхэгт удаа дараа тавьсан бөгөөд Энэтхэгийн тал уг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судалж байгаагаа мэдэгдсэн. Шейх Хасинагийн энэ мэдэгдэл Бангладеш, Энэтхэгийн харилцаа сэргэж эхэлсэн үед гарчээ.
| Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.