Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа.
Тэрбээр, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 97,083 өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс 93,562 буюу 96.4 хувийг шийдвэрлэж, 3,521 буюу 3.6 хувь нь судлагдаж байгааг мэдээлэв.

Ирсэн өргөдөл, гомдлын бүтэц нь 46.4 хувь нь гомдол, 44.6 хувь нь хүсэлт, 5.4 хувь нь талархал, 3.5 хувь нь санал, 0.1 хувь нь мэдэгдэл байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх дундаж хугацаа 9 хоног 5 цаг 28 минут байгаа бөгөөд хамгийн олон гомдол орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, гудамж талбайн тохижилт, авто зам, барилгын салбарт бүртгэгджээ. Харин нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой өргөдөл, гомдлын тоо буурсан байна.
Мөн иргэдээс гаргасан гомдлын гол шалтгаан нь салбар хоорондын уялдаа холбоо сул, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, хууль эрх зүйн орчин, төрийн албан хаагчдын харилцаа, хандлагатай холбоотой асуудлууд байгааг онцоллоо. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өргөдөл, гомдлын мэдээлэлд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах тусгай төлөвлөгөө хэрэгжүүлэн цаашид уг тогтолцоог улам боловсронгуй болгохоор ажиллаж байгааг дурдав.
Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан өргөдөл, гомдлын тайлан нь нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг бодитоор харуулдаг чухал баримт бичиг болохыг онцлоод, Хотын даргын ирэх хоёр жилийн бодлого, НИТХ-аас гаргах шийдвэрүүд энэхүү тайланд тулгуурлах ёстой гэсэн санал хэлэв.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул нийслэлийн хэмжээнд иргэдийн өргөдөл, гомдлын талаар анх удаа нээлттэй тайлан танилцуулж буйг сайшаасан ч статистик мэдээллийн бодит байдал, үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор хөндлөнгийн аудит, мониторинг хийсэн эсэхийг тодруулж, газар болон инженерийн дэд бүтэцтэй холбоотой иргэдийн гомдол өндөр байгааг анхааруулав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд, төрийн албанд ажиллах журмыг Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн журмаар зохицуулдаг болохыг дурдаад, нийслэлийн хэмжээнд хороо, дүүргүүдэд төрийн албан хаагчийн хүний нөөцийн дутагдал үүссэн, цалин хөлсний хэмжээ өрсөлдөх чадвар сул тухайд мэдээлэв. Мөн нийслэлд ирүүлсэн бүх өргөдөл, гомдлыг бүрэн бүртгэн хяналтад авч, асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд анхаарч буйг онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээний тайланг тогтмол хэлэлцдэг байх нь зүйтэй гэдгийг тэмдэглээд, олон жил шийдвэрлэгдэхгүй байгаа өргөдөл, гомдлын шалтгаан, байгууллагуудын хариуцлагын асуудлыг илүү нарийвчлан дүгнэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр газрын маргаантай холбоотой өргөдөл хамгийн өндөр хувийг эзэлж байгааг дурдсан юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар төрийн албан хаагчдын иргэдтэй харилцах харилцаа, үйлчилгээний соёлд онцгой анхаарах шаардлагатай гээд нийслэлийн харьяа байгууллагуудын төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг бодлогын түвшинд авч үзэх санал гаргав.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө төрийн албан хаагчдын харилцаа, хандлага нь иргэдийн гомдол гаргах үндсэн шалтгааны нэг болдог, иргэдтэй соёлтой, хүндэтгэлтэй харилцах соёлыг байгууллага бүр төлөвшүүлэх шаардлагатайг хэллээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар газрын харилцаа, боловсрол, эрүүл мэнд, явган хүний зам, зөвшөөрөлгүй барилга байгууламж, хүнсний аюулгүй байдал зэрэг олон жил хуримтлагдсан асуудалтай холбоотой өргөдөл, гомдолд онцгой анхаарч, шийдвэрлэлтийн явцыг иргэдэд ил тод мэдээлдэг байх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан НИТХ-ын Хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу түр завсарлав.
| НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.