Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөсөн.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гарч, хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³ байдаг аж.
Шинээр баригдах “Лаг хатааж, шатаах үйлдвэр” нь хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5–6 м³ үнс болгон бууруулахаар тооцсон байна.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан ба Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажжээ. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Лаг хатаах, шатаах технологийг ерөнхийд нь тайлбарлавал бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүйгээр боловсруулах арга юм. Энэхүү технологи нь лагийн эзлэхүүнийг эрс бууруулахаас гадна дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, зарим тохиолдолд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетэн бүрэн устдаг. Мөн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах боломжтой ажээ.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс Лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрүүдээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологийг ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дамжуулан дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж ашигладаг. Эдгээр улсын туршлагаас харахад лаг шатаах технологи нь лагийн эзлэхүүнийг бууруулах, эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийн дахин ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн хэрэглэгдэж байгаа юм.
| Лаг шатаах үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 250 м³ лаг хатааж, шатаах хүчин чадалтай байна | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.