Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-тай үргэлжилж буй худалдааны хэлэлцээ улам ширүүсэж, “таагүй” нөхцөлд орсныг мэдэгдлээ. Түүний энэхүү мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад болон тус улсын удирдлагыг шүүмжилж, Канадын бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээр анхааруулсны дараа гарчээ.
Трамп Лас Вегаст үг хэлэх үеэрээ Канад болон тус улсын удирдлагын талаар хурц байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр Канадын бараанд ногдуулж буй одоогийн татварыг нэмэгдүүлж, зарим бараанд наймдугаар сарын 19-нөөс 50 хувийн татвар ногдуулж болзошгүйг анхааруулжээ.
Үүний дараа Карни сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээ амаргүй болсныг хүлээн зөвшөөрсөн ч Канад хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон байна. Тэрбээр Канадын ажлын байр, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Канадын төлөөлөгчид Вашингтонд АНУ-ын талтай хэлэлцээгээ үргэлжлүүлжээ.
Хоёр улсын худалдааны маргаан өнгөрсөн хугацаанд улам хурцдаж, Канадын зарим муж АНУ-ын барааны эсрэг хариу арга хэмжээ авчээ. Тухайлбал, Америкийн зарим бүтээгдэхүүний худалдааг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлсэн.
АНУ-ын тарифын бодлого дотоодын зах зээлд ч нөлөөлж байгаа бөгөөд импортын хөнгөн цагааны үнэ өссөн талаар Ассошиэйтед Пресс мэдээлэв. Тарифыг импортлогч компаниуд төлдөг учраас зардлын өсөлт эцэстээ бараа бүтээгдэхүүний үнээр дамжин хэрэглэгчдэд шилжих эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж байна.
Карни, Трамп нар цаашид дахин ярилцах төлөвтэй байгаа бөгөөд хоёр улсын худалдааны хэлэлцээ үргэлжилж байна.
| Канадын Ерөнхий сайд АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээг “таагүй” болсон гэв | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.