Шууд Chart

АНУ гадаад дахь дипломат төлөөлөгчийн таван газраа хаана

2026-08-07 14:03:25

АНУ-ын Төрийн департамент гадаад дахь дипломат төлөөлөгчийн таван газраа хаахаар төлөвлөж байгаагаа Конгресст мэдэгджээ. Хаахаар төлөвлөсөн төлөөлөгчийн газруудад Гренада улсын Сент-Жорж дахь АНУ-ын Элчин сайдын яам, Японы Нагоя болон Индонезийн Медан дахь консулын газрууд, Камеруны Дуала дахь Элчин сайдын яамны салбар, Канадын Виннипег дэх АНУ-ын төлөөлөгчийн салбар багтаж байна.

Эдгээр төлөөлөгчийн газрыг хаах шийдвэр нь тодорхой нэг геополитикийн үйл явдалтай холбоогүй бөгөөд АНУ-ын дипломат сүлжээг цомхотгож, зардлыг бууруулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээ аж. Төлөөлөгчийн таван газрыг хааснаар жилд ойролцоогоор 4.4 сая ам.долларын зардал хэмнэхээр тооцжээ.

Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн оноос төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог цомхотгож, үйл ажиллагааг “Америк нэн тэргүүнд” бодлоготой уялдуулах арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн юм.

Цагаан ордны Захиргаа, төсвийн алба өмнө нь гадаад дахь 30 хүртэлх дипломат төлөөлөгчийн газрыг хаах илүү өргөн хүрээтэй санал дэвшүүлж байжээ. Харин өнгөрсөн онд Төрийн департамент олон газар, нэгжийг цомхотгож, олон зуун ажилтны орон тоог бууруулсан ч гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудаа хаагаагүй юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Төрийн департаментын бүтцийн өөрчлөлт, зардал бууруулах арга хэмжээг байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгож, хэт нүсэр бүтцийг багасгахад шаардлагатай гэж тайлбарлажээ.

Харин АНУ-ын дипломат төлөөллийг ийнхүү хумих нь зарим бүс нутагт тус улсын нөлөөг сулруулж болзошгүй гэсэн шүүмжлэл гарч байна.


АНУ гадаад дахь дипломат төлөөлөгчийн таван газраа хаана  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй