Шууд Chart

Эртний ойг хамгаалахын тулд Канадын иргэд мод бэлтгэгчдийн замыг хааж байна

2026-08-07 15:08:35

Канадын Бритиш Колумбиа мужийн Ванкуверт олон зуун, зарим нь мянга гаруй жилийн настай эртний ойг огтлохоос хамгаалах тэмцэл үргэлжилж, байгаль хамгаалагчид мод бэлтгэлийн машинуудыг ойд нэвтрүүлэхгүйн тулд зам дээр хонож, хөдөлгөөнийг нь хааж эхэлжээ.

Ванкувер арлын баруун өмнөд хэсгийн Порт Ренфрю орчимд 20 орчим байгаль хамгаалагч мод бэлтгэхээр төлөвлөсөн ойн хэсэг рүү хүрэх замд майхан барьж, автомашинаар зам хаан хоножээ. Тэд үүрээр зам дээр байрлалаа эзэлсний дараа мод бэлтгэлийн машин ирсэн ч хаалтыг нэвтэрч чадалгүй буцсан байна.

Ванкувер арал нь дэлхийд ховордож буй сэрүүн бүсийн эртний ширэнгэн ойн томоохон бүсүүдийн нэг. Эндхийн зарим мод 1000 гаруй жилийн настай бөгөөд эдгээр ой нь асар их хэмжээний нүүрстөрөгч хуримтлуулахын зэрэгцээ олон төрөл зүйлийн амьдрах орчныг бүрдүүлдэг.

Гэвч Ванкувер арлын мод бэлтгэхэд тохиромжтой эртний ойн 80 орчим хувийг аль хэдийн огтолсон бөгөөд үлдсэн ойн зарим хэсэгт мод бэлтгэхийг хуулиар зөвшөөрсөн хэвээр байна.

Бритиш Колумбиа мужийн Засгийн газар 2.4 сая га орчим эртний ойг огтлохыг хойшлуулсан эсвэл хамгаалалтад авсан гэж мэдээлдэг. Мөн модны үйлдвэрлэлийг хоёрдогч ой буюу өмнө нь огтолж, дахин ургасан ойд үе шаттай шилжүүлэхэд хөрөнгө оруулж байгаа юм.

Харин байгаль хамгаалагчид одоогийн арга хэмжээ хангалтгүй гэж үзэж байна. Эрдэмтдийн анхааруулснаар олон зуун, мянган жилийн турш бүрэлдсэн эртний ойн экосистемийг огтолж устгасны дараа өмнөх төлөвт нь сэргээхэд асар урт хугацаа шаардагдах бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд бүрэн сэргэхгүй ч байж болзошгүй.

Ванкувер аралд эртний ойг хамгаалах тэмцэл олон арван жилийн түүхтэй. 1993 онд болсон “Ойн дайн” хэмээн нэрлэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс эхлээд сүүлийн жилүүдийн Фэйри Крикийн тэмцэл хүртэл мод бэлтгэлийг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд өрнөж ирсэн юм. Фэйри Крикийн жагсаал, зам хаах ажиллагааны үеэр 1100 гаруй хүнийг баривчилж байжээ.

Харин мод бэлтгэлийн салбар Бритиш Колумбиагийн эдийн засаг, ажлын байртай шууд холбоотой хэвээр байна. Мужийн эрх баригчид эртний ойд мод бэлтгэхийг шууд бүрэн зогсоовол ойн аж ахуйн салбарт ноцтой нөлөө үзүүлнэ гэж тайлбарладаг.

Ийнхүү Ванкувер аралд үлдсэн эртний ойг хамгаалах асуудал байгаль орчин, уугуул иргэдийн газар нутгийн эрх, орон нутгийн эдийн засаг болон мод бэлтгэлийн салбарын ашиг сонирхол огтлолцсон маргаантай асуудал хэвээр байна.


Эртний ойг хамгаалахын тулд Канадын иргэд мод бэлтгэгчдийн замыг хааж байна  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй